ИРМҮҮН ТЭМҮҮЛЛИЙН ОРГИЛ ӨӨД

ИРМҮҮН ТЭМҮҮЛЛИЙН ОРГИЛ ӨӨД

ИРМҮҮН ТЭМҮҮЛЛИЙН ОРГИЛ ӨӨД

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны ажилтан, програм хангамжийн инженер Шагдарсүрэнгийн Отгон-Өлзий нь орчин цагийн манлайлагч, ирмүүн их тэмүүллийн оргил өөд тууштай зорьж яваа манай үеийн шилдэг залуусын нэг юм.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 17 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Шагдарсүрэнгийн Отгон-Өлзийгийн хөргийг уншигч танд өргөн барьж байна.

Уг гарвал, удам угсаа

Ш.Отгон-Өлзий Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрж өссөн, аавын талаасаа зурхайч, одон оронч, ээжийн талаасаа оточ маарамба гэсэн оюунлаг удам угсаатай залуу юм.

Түүний аавын аав Жалцав нь нутаг усандаа ном эрдэм сайтайд орох зурхайч, одоогийнхоор бол математик сэтгэлгээтэй эрхэм байжээ. Нутаг орны нэртэй сайн лам, хуврагууд бараг бүгдээрээ Жалцавтанд шавь орж өндөр зэрэг зиндаанд хүрч байсныг нутгийн өтгөс буурлууд өдгөө ч дурсан ярилцдаг. Нэрт зурхай судлаач Л.Хүрэлбаатар, Ламжав хэмээх номтой лам тэргүүтэн Жалцав гуайн гарын шавь байжээ. Тэрбээр цагтаа нийслэл хүрээний лам нартай одон орон, зурхайн чиглэлээр ном хаялцан тэргүүн зэрэгт ордог байсан тийм эрдэм чадалтай, гэгээрсэн хүн байсан гэдэг.

1937 оны хэлмэгдлийн бараан сүүдэр Жалцав зурхайчийг тойрсонгүй. Хар гэрт 10 жил хоригдож, энэ зуур хүнд хүчир ажилд зүтгэн БНМАУ, ЗХУ-ын хойд хилийн боомт болох Ханх-Мондын хооронд зам тавих, мод бэлтгэх зэрэг ажлыг хийж явсаар цагаатгагдан суллагджээ. Аавын ээж Должин нь эр нөхрөө 10 жил хоригдож байх хойгуур үр хүүхдээ өсгөн гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэн хүний зэрэгт хүргэсэн ачтан юм.

Жалцав гуай амьтны амь таслахыг нүгэлд тооцдог байснаас улбаалан Отгон-Өлзийн аав Шагдарсүрэн архи уух, тамхи татах, амьд амьтан руу буу шагайхыг цээрлэж өдийг хүрчээ. Тэр нандин уламжлал Отгон-Өлзийд өвлөгдөж өдгөө үр хүүхдээ ч мөн тэгж сурган хүмүүжүүлж байгаа юм.

Ш.Отгон-Өлзийн ээжийн аав Ж.Пүрэв эм тан барьдаг, нутгийн олноо анагаадаг эрдэмтэй оточ маарамба явсан хүн. Хожмоо Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотын нисэх онгоцны буудалд диспетчер хийж, урт дараалалд зогссон олон хүнд тийз бичин мөнгөн цагаан хөлгөөр зорчуулах ажил эрхэлж байжээ. Тэрбээр туйлын аж ахуйч нямбай хүн байсан ажээ. Ж.Пүрэв гуайн унаж эдэлж, ахуй амьдралаа залгуулж асан Иж планета-3 мотоцикль одоо ч Мөрөн хот дахь хашаандаа бий. ЗХУ-д 1972 онд үйлдвэрлэгдсэн 44 настай энэ мотоцикль өнөөдөр ч асаагаад унахад элдэв саадгүй байгаа нь ямар нямбай эзэнтэй байсныг гэрчилнэ. Ээжийн ээж Ч.Батбаяр буурай өдгөө үр хүүхэд, ач гучтайгаа өнөр өтгөн аж төрж байна.

Ш.Отгон-Өлзий энэ өвөөгийндөө зуны амралтаа өнгөрөөдөг, хүүхэд насны дурсамжид нь хөгшин аавын гэрт шингэсэн эм тан, элдэв ургамлын үнэр танар хадагдан үлджээ. Өвгөн аав нь намар болмогц мөнөөх алдарт мотоцикльтойгоо уул хад, тайгаар аялан эмийн ургамлыг хэдэн богцоор түүж, гэр дээрээ хатаан нунтаглаж, өвлийн цагт түүгээрээ тан бэлтгэн нутгийн зон олондоо харамгүй түгээн анагаадаг ачлалтай нэгэн байв.

Өвөөгийндөө хонь хурга хариулан зуны амралтаа өнгөрөөдөг байсан Отгон-Өлзий хүү ажилч хичээнгүй, хүнийг хүндэлдэг, шударга, төлөв зан чанарыг өвгөн ааваасаа өвлөн авсан байна. Үхэр хариулна, заримдаа үнээ саана, хурдны морио өөрөө уяад уралдуулчихна. Өвөөгийнхөө хамт хашаа хороогоо сэлбэж, хөрзөн ховхолж, хадлан тэжээл бэлтгэж, өвлийн амралтаараа уулнаас мод бэлтгэн түлш түлээгээ татаж амьдралын зах зухтай танилцан амьдрах арга ухаанд суралцсан нь Ш.Отгон-Өлзийн өдий зэрэгт хүрэхэд том сургууль болсон нь гарцаагүй. Товчхондоо тэрээр ухаант өвөг дээдсээсээ монгол ухаан хэмээх үнэт эрдмийг ийнхүү өвлөн авсан ажээ.

Отгон-Өлзийн аав Шагдарсүрэн насаараа жолоо мушгин сум орныхоо төлөө зүтгэсэн ажилч хичээнгүй нэгэн бол ээж Чинбат нь Худалдаа бэлтгэлийн ангид нярав, нягтлан хийж улс нийгмийн хөрөнгийг зүй зохистой арвилан хэмнэхийн төлөө явсан хүн. Намхан нуруутай ээжийгээ Отгон-Өлзий олон жил хүнд том төмөр түлхүүрүүд өвөртөлж явсных биз ээ хэмээн хошигнон хэлдэг юм.

Ш.Отгон-Өлзий дээрээ хоёр ахтай айлын отгон хүү. Харин нэлээд хожим тэрээр ганц охин дүү дагуулжээ.

Түүний удам угсааныхан шударга, тэмцэгч удамтай. Монгол даяар алдартай Хотгойдын шадар ван Чингүнжавын хойчис гэдгээрээ зүй ёсоор бахархаж явдаг билээ. Арбулаг сумаас нэрт урлаг судлаач Ж.Бадраа, дууны шүлгийн мастер Ч.Дагвадорж, түүхч Д.Өлзийбаатар тэргүүтэй 50 гаруй эрдэмтэн, докторууд төрөн гарчээ. Ш.Отгон-Өлзий ч тэр буухиаг таслахгүйн төлөө хичээнгүйлэн зорьж яваа залуу үеийн төлөөлөл.

Тэрээр энэ тухайгаа “Уламжлалыг алдалгүй, шинэчлэлийг ухраалгүй, жин банг нь тааруулан өвөг дээдсийнхээ буухиа, алтан аргамжийг таслахгүйн төлөө хичээж яваа залуу хүн би” хэмээн хэлдэг юм.

Засаг дарга болох багын мөрөөдөл

Сурагч ахуйдаа Отгон-Өлзий тун ч адтай жаал байжээ. Ангийн шилдэг хурдан уншигч, цэвэрч хичээнгүй бичигтэн, алдаагүй бичигтэн гээд бүхий л шагналын эзэн болж байв. Салааны дарга, ангийн дарга, бүлгийн дарга гээд багаасаа л манлайлагчийн байр суурийг эзэлж явсан. Ангийн багштайгаа хамтран сурагчдаа эмх цэгцэд оруулах, өөрөөр хэлбэл хэрдээ л олон фракцын учрыг олж зохицуулах гэж эрвийх дэрвийхээрээ хөдөлдөг байж. Бас 1990-ээд оны эхэн үеийн сурагчийн хувьд боловсролын шинэчлэлийн “туршилтын туулай” ч болж үзсэн.

Сургуульдаа зоорь барих, хичээлийн байруудыг халаах уурын зуухыг галлах түлш бэлтгэн түлээ хөрөөдөх, ногоо тарих гээд олон ажлыг хичээлийнхээ завсраар амжуулна. Ангийнхаа нөхөдтэй мотоциклиор аймгийн төв орж үрийн төмс аваад буцах замдаа дарвин уралдаж, харанхуйд тал төмсөө гээж орхисон ч үлдсэнээс нь арвин ургац хураасан бас нэг сонин түүх тэдэнд бий. Төмс тарих газраа сэндийлж ухахад төвөгтэй байсан тул сүрэг адуу авчирч элдэн хөөж хөрсийг нь суллах мэргэн санааг Отгон-Өлзий гаргаж, санаснаараа амжилттай хийцгээжээ.

Тэр үед хөдөөнөөс нийслэлийг зорьсон их нүүдэл эхэлж, сумын хүн ам цөөрснөөс шалтгаалан 10 жилийн сургууль нь 8 жилийнх болов.

Энэ үетэй зэрэгцэн Цагаанчулуутын овооны хүүхдийн наадмын үеэр Отгон-Өлзий хүүд Засаг дарга болох мөрөөдөл төрсөн байна. Тэрээр тухайн үед 7 дугаар ангийн сурагч байлаа.

Овооны наадам өндөрлөж, наадамчид тарж ахуйд гэнэт их аадар бороо цутган оржээ. Сургаад удаагүй үрээ унасан Ш.Отгон-Өлзий овооны бэл рүү өгсөж яваад тэрхүү бороотой таарав. Усан бороон дундуур, амаа мэдэхгүй унаатай жаал хүүг зутруухан шогшуулж явтал хажуугаар нь Засаг даргын шинэхэн 69 машин сүнгэнэн өнгөрчээ. Машин өнгөрөх тэрхэн эгшинд харж амжсан хүүгийн сэтгэлд “Ерөөсөө л эрдэм номтой хүн болж сумын Засаг дарга болъё ” гэсэн бодол бат шингэсэн байна.

Улс төрч болох тэмүүлэл

Сургууль нь нэгэнт 8 жилийн болсон тул Ш.Отгон-Өлзий Дархан хотод амьдардаг нагац ахындаа очиж 9 дүгээр ангидаа сурахаар болжээ. Нагац ах цэргийн хүн тул тэнд эмх цэгц, дэг журам, сахилга хариуцлага гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрэн амьдралдаа мөрдөж эхлэв. Хот газар сурч, бас ч ухаан тэлэхийн хэрээр сумын Засаг дарга болох мөрөөдөл нь улстөрч, улс төр судлаач болох арай өргөн тэмүүллээр солигджээ.

Өөртөө том зорилготой, зоригтой байх ёстойг ухаарч төлөвшсөн жилүүд хэмээн хотын сурагч болсон он жилүүдээ Отгон-Өлзий дүгнэдэг юм. МУИС-д элсэж улс төр судлаач болохоор зориг шулуудсан сурагч хүү харин дунд сургууль төгсөөд уралдаант шалгалтдаа ялигүй зүйлээс болж бүдэрчээ. Уг нь тухай жилийн төгсөлтийн 750 сурагчаас эхний 12-т жагсаж байсан шилдэг манлайлагч сурагч байсан ч ганцхан зүйл дээр өөртөө эргэлзсэнээс улс төр судлаач болох мөрөөдөл нь бүтэлгүйтэв.

Гэхдээ тэр шантарсангүй. МУИС-д багшилж байсан том ахдаа МУИС-иас өөр сургуульд орохгүй гэдгээ хэлэв. Ингээд Математик-компьютерийн сургуульд  шалгалт өгөн тэнцэж Програм хангамжийн инженер чиглэлээр элсэн орж МУИС-д сурах мөрөөдлөө биелүүллээ. Нийгмийн идэвх сайтай оюутан гэдгээ харуулж сургуулийн оюутны зөвлөлийн дэд даргаар дэвшив.

Ардчилсан намыг интернэтжүүлсэн нь

2002 оны үед Ардчилсан нам интернэтгүй байв. Тухайн үед дийлэнх байгууллага тийм л байсан. МУИС-ийн шинэхэн оюутан Отгон-Өлзийг Е-Монгол ХХК-ийн захирал А.Мөнхбат урьж Ардчилсан намын байрыг интернэтжүүлэхэд оролцох санал тавьжээ. Ш.Отгон-Өлзий тэр үед нүдний гэм байсан хавтгай дэлгэцтэй компьютэрээр Ардчилсан намыг тоноглох ажилд гар бие оролцож, намын ажилчдын анхны мейл хаягийг нээн өгчээ. Ингэж тэрээр оюутан цагаасаа Ардчилсан намтай холбогджээ.

Энэ үеэр УИХ-ын эрхэм гишүүн, Хөвсгөл нутгийн ах Л.Гүндалайтай танилцаж, сурахын зэрэгцээ оюутны асуудал хариуцсан туслахаар нь ажиллав. Бас Ардчилсан оюутны холбоог байгуулж Удирдах зөвлөлийн гишүүн нь боллоо.

Улс төрд ойртсоноор нутаг орных нь амьдрал тааруу байгааг ойлгож, хөгжлийн боломж байгааг ч олж харж, түүнд өөрийн хувь нэмрийг оруулах ёстой хэмээн ухаарчээ. МУИС төгсөхдөө математик, физик, улс төр, нийгэм судлалын мэдлэгийг хэр хэмжээгээрээ олж мэдэн ой тойндоо тогтоож авав. Оюутан ахуйдаа Е-монгол компанид үйлдвэрлэлийн дадлага хийж Монголмедиа.соm гэсэн веб сайтыг гардан бүтээлцсэн ажээ. Энэ нь бараг Монголын анхны мэдээллийн сайт болж хилийн чанадад байгаа монголчуудын эх орныхоо тухай мэдээллийг хүлээн авдаг гол суваг, цахим элч болжээ. Үүгээрээ Ш.Отгон-Өлзий зүй ёсоор бахархдаг юм. Тухайн цаг бол веб сайт нийтийн хэрэглээ, бизнес болж амжаагүй байсан үе шүү дээ.

Тэрээр 2006-2007 онд Бодь группын Бодь электроникст программ хангамжийн мэргэжилтнээр ажиллаж байв. Дараа нь Оргилсофт гэдэг программ хангамжийн компанид ажиллаж, улмаар 2010 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт өдгөөг хүртэл ажиллаж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллах болсон шалтгаан нь бас л мэргэжилтэй нь холбоотой. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоход нь хандивын дансыг нь арилжааны банкуудтай холбох системийг нээн өгч, ялалт байгуулж Төрийн тэргүүн болсных нь дараа зөвлөх А.Ганбаатартай уулзаж Ерөнхийлөгчийн веб сайтыг гуравхан хоногийн дотор нээж өгч байв. Энэ ажлыг нь үнэлж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Д.Дорлигжав багтаа авч ажиллуулж болох мэдлэг мэргэжилтэй залуу байна хэмээн Ш.Отгон-Өлзийг үнэлж Тамгын газарт урин ажиллуулсан байна. Тэр цагаас хойш Ш.Отгон-Өлзий Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албанд мэдээллийн технологи, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнаар ажиллаж байгаа юм.

Үүний зэрэгцээ улс төрийн ажлаа орхисонгүй. Ардчилсан намын шинэчлэлийн ажлын хэсгийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Ардчилсан намын дүрмийг шинэчлэх, Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах, ардчиллыг гүнзгийрүүлэхийн төлөө зүтгэж яваа тэмүүлэлтэй залуусын нэгэн төлөөлөл нь Ш.Отгон-Өлзий юм. Тиймдээ ч дүүргийн ИТХ-ын сонгуульд хүч үзэж иргэд, олон нийтийн төлөө зүтгэх сэтгэл шулуудаад байгаа юм.

Тэрээр Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер чиглэлээр дүүргэж, АНУ-ын “Американ консул” төв, дэлхийд алдартай Харвардын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн өнөө цагийн боловсролтой залуусын нэг билээ. Бас үеийнхэн дотроо өнөр бүлийн тэргүүнд тооцогдох тэрээр гэргий, гурван хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүд нь аав, ээжийнхээ удмыг даган монгол ёс заншлыг сайн мэддэг, ухаалаг, хүмүүжилтэй иргэд болон өсөж өндийж буй.

Түүний өмнө олон олон сонгуульд оролцож, багын мөрөөдлөөрөө их улс төрд зам гарган бядтай улстөрч болох өргөн дардан зам зурайж байна.

Сэтгүүлч, нийтлэлч Д.Оюунцэцэг

 

admin

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Close
Translate »